Амралтын өдрүүдээ үр дүнтэй өнгөрөөж, аз жаргал гийсэн эхнэртээ, үр хүүхдүүдэдээ, аав ээж, ах дүү нартаа цаг гаргаж "ХАЙРТАЙ" гэдгээ илэрхийлсэн биз дээ. Хайрын хүчээр дүүрэн цэнэглэгдсэн танд ханцуй шамлан орох ажлын өдрүүд өмнө чинь байна. Гялалзсан чадвараа дүгнүүлэх цаг ойртож, гаргасан амжилтаа гайхуулах цаг ирж  байна шүү. Хүүгээ охиноо, хайртай хань, халамжит сайхан ээж, аавыгаа хөдөлмөрөө үнэлүүлж, хөлс хүчнийхээ амтыг мэдэрч байхыг харах ай даа сайхан, бахархмаар даа. Тиймээс өнөөдрийг үл алгасан ажиллаад бай, сэтгээд бай... Монгол улсын маань ирээдүй та нарын гарт байна шүү.

Үйл явдал өрнүүн шинэ долоо хоногийн эхний өдөр ийнхүү шувтарч байна. Өнөөдөр сайн ч мэдээтэй, саар ч мэдээтэй.

Манай сайтад...

"Загасны санах ойтой" Г.Баярсайханы зантгар сурталчилгаа

Өдгөө хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа сонгуулийн хуулиар бол УИХ-ын сонгууль болохоос 6 сарын өмнө тойрогт хандан элдэв олон нийтийн арга хэмжээ зохион багйуулах, санал асуулга явуулах, эд зүйл тараахыг хориглосон байдаг. Энэ хуулийн хугацаа 2016 оны 1 сарын 1-ээс эхлэнэ. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн зарим нөхдүүд аль хэдийнэ нэрээ дэвшүүлэхээр сонгосон тойрогтоо "ажиллаад" эхэлсэн талаар бид мэдээлсээр байгаа билээ. Тодруулбал АН-ын ҮЗХ-ны гишүүн, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай ирэх сонгуульд нийслэлийн СХД-т нэр дэвшихээр "Дэм дэмэндээ" аян нэрээр "сонгуулийн сурталчилгаа"-гаа аль хэдийнэ эхлүүлсэн. Тэрбээр аяныхаа хүрээнд СХД-гийн иргэдэд хувцас тарааж, нүүрс өгсөн. Ядарсан иргэдийг ядмаг аргаар худалдаж авахаар санаархсан түүнийг энэ үйлдэлд "Монголын төрНҮҮРС тараасан хүндээ ХАТУУ ханддагийг уруулМагнаймэдэхгүй л байндаа" хэмээн шоглосон байдаг... Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Оюутолгойг 14 банкны барьцаанд тавьсан ОВИЛГОГҮЙТЭЛ ХЭНИЙ ГАВЬЯА вэ?

Монгол Улс дефолтод тун ойрхон байна гэж "Сэргэн мандалтын үеийн капитал" -ын олон улсын эдийн засгийн ахлах шинжээч Чарльз Робертсон мэдэгдсэн талаар хэдэн долоо хоногийн өмнө шуугиж байсан билээ. Тэрээр "Fitch" агентлагийн тайланг эх сурвалж болгож, манай улсын гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 129,8 хувь гэж тодорхойлж, хамгийн их өртэй хоёрдахь орноор нэрлэсэн. Ингэснээр Монгол Улс Грекийн өмнө, Исландын ард бичигдэж хамгийн их өртэй орнуудын тоонд багтаасан төдийгүй "Монгол Улс маш хүчтэй уналтад орж байна. Эдийн засаг нь Хятадаас маш их хамааралтай хэвээр байна. Монгол Улсын эдийн засгийн уналт бусад орныхтой ижил байгаа ч цаг хугацааны хувьд маш богино хугацаанд хурдтай явагдаж байна. Энэ байдлаар явбал Монгол Улсын рейтинг цаашид улам буурч, дефолт болоход тун ойрхон байна" гэсэн. Гэтэл манай улс эдийн засгаа дэмжих нэрийдлээр Үндэснийхээ баярын өдрөөр /11 дүгээр сарын 26/ БНХАУ-аас тэрбум долларын зээл авах гэрээг УИХ-аараа баталчихсан.... Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Юуны түрүүнд өнөөдрийн зарим үйл явдлыг товчхон өгүүлье


-    Нийслэлийн онцгой байдлын газрынхан энэ онд хийж бүтээсэн ажлуудаа дүгнэж, ирэх оноо хэрхэн төлөвлөж буй талаар тайлан хурлаа өнөөдөр хийж, шилдэг албан хаагчдаа шалгарууллаа.
-    Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойд зориулан Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв.
-    Хүүхэд залуучуудын багаар хамтран ажиллах болон аливаа асуудлыг шинжлэх ухаанч нүдээр харах чадварыг хөгжүүлэх зорилготой "Rube Goldberg 2015" тэмцээн өнөөдөр эхэллээ
-    Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр сар гаруй болж бөгөөд энэ хугацаанд нийслэл хотын албан татварын төрлөөр 193.177 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ.
-    Өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн автобуснуудны гаргасан томоохон ослуудтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн  асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, гудамж замын хөдөлгөөнд тавих хяналт зохицуулалтыг эрчимжүүлэхийг даалгасан байна
-    Туялзуур сэлэмний сонирхогчдын болон 12 хүртэлх насныхны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдээр Улаанбаатар хотноо болж өнгөрлөө.

Монгол өдөр бүр сайн мэдээ сонсож болох орон хэмээн нэгэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн илтгэлдээ дурджээ. Тиймээс юуны түрүүнд сайн мэдээнээсээ эхлээд дуулгая.


Сүхбаатарын талбай "эргэн ирлээ"


Хэдэн жилийн өмнө "Сүлдэт төрийн баганын дэргэдэх ширхэг чулуунаас
Сүхбаатарын талбай хүртэл миний эх орон бий" хэмээн шүлэглэдэг байлаа. Гэвч нэг  л өдөр тэртээ 1924 оноос эхлэлтэй Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгочихсон нь хоёр жилийн тэртээ билээ. Тэгвэл өнөөдөр Сүхбаатарын талбайг хууль бусаар Чингисийн талбай болгосон  нь тогтоогдлоо. Шүүхээс НИТХ-ын шийдвэрийг хүчингүйд тооцсон байна.

Нийслэлийнхэн түргэн тусламжийг үйлчилгээг хурдан шуурхай авна


Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн буянаар иргэд элэгний С вирусын эмийг хөнгөлөлттэй үнээр авахаар болсон билээ. Мөн транс тосны хор аюулыг иргэдэд хүргэж, энэ талаар сэрэмжлүүлэх ажлыг эрчимтэй явуулсаар байгаа. Тэгвэл тэрбээр  ирэх 2016 онд нийслэлийн хэмжээнд 10 түргэн тусламжийн цэг шинээр байгуулахаар болсоноо өнөөдөр мэдэгдлээ. Ингэхдээ иргэдэдээ ашигтай байхаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл иргэдийн байр хашаагаа түрээслүүлж авах аж. Баянзүрх дүүрэгт 4 -ийг, Сонгинохайрхан дүүрэгт 3-ыг, үлдсэнийг нь бусад дүүрэгт байгуулах юм байна.


Баруун аймгуудад шатахууны үнэ 120-160 төгрөгөөр буурлаа


Нийслэлээс алсрах тусмаа шатахууны үнэ нэмэгддэг. Энэ нь хөдөөгийн иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байгааг шүүмжлэх хүмүүс олон. Шатахууны үнийг тогтворжуулах, хөдөө орон нутаг зарагдаж байгаа үнийг нь бууруулахаар Засгийн газар зарим нэгэн арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд баруун бүсийн аймгуудын шатахууны үнэ энэ бямба гаригаас литр тутамд 120-260 төгрөгөөр буурч байна. Ингэснээр Баян-Өлгий, Увс аймагт шатахууны үнэ хямдарч, төвийн бүсийн шатахууны үнэтэй ижил төвшинд хүрч, А-92 бензиний үнэ 1830 төгрөгөөс 1660 төгрөг болон худалдаалж эхэлсэн байна.


Нийслэлийн хүүхдүүд хиймэл дагуултай холбоо тогтооно


Нийслэлийн лаборатори 1-р дунд сургууль дээр "Сансар дахь бидний мөрөөдөл" төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь хиймэл дагуулыг санаа гаргахаас эхлүүлээд, хийж бүтээх гэсэн цогц үйлдлээр сурагч, оюутан, хүүхэд залуусыг хиймэл дагуул, сансрын салбартай ойртуулж, олон улсад өрсөлдөх чадвартай мөрөөдөл бүхий бие хүн болгох зорилготой аж. Энэ төсөлд хамрагдаж буй хүүхдүүд өнөөдөр 00:39 цагийн орчимд Улаанбаатар хотын тэнгэрийн зүүн зүгт нисэн өнгөрөх хиймэл дагуултай холбоо тогтоохоор болжээ. Сонирхсон иргэд Ю.Цэдэнбалын хөшөөтэй талбайд ирж сонирхох боломжтой байна.


 684 хүний эрдэнэт амийг аварчээ


2015 онд нийслэлийн Онцгой байдлын газарт тусламж хүссэн 3840 дуудлага бүртгэгджээ. Ялангуяа зуны улиралд бага насны хүүхэд усанд осолдсон, өндөр барилга дээрээс унах гэж завдсан, бага насны хүүхэд гэртээ ганцаараа цоожлогдож, цонхон дээрээсээ унах гэж байсан, том талбай хэмжээг хамарсан ахуйн гал, ой хээрийн түймрийн дуудлага олноор ирсэн байна. Дээрх бүртгэгдсэн дуудлага бүрд онцгойгийнхон очиж ажиллаад 684 хүний эрдэнэт амийг, 5.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг гамшиг, ослоос аварчээ.

Өнөөдрийн сэрэмжлүүлэг:


Монгол Улс болон ОХУ-ын иргэд 2015 оны нэгдүгээр сараас эхлэн харилцан визгүй зорчдог болсонтой зэрэгцээд манай улсын иргэд хуурамч архи, согтууруулах ундаа хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирэх явдал ихэссэн.  Тэгвэл ОХУ-ын Красноярск хотод саявтархан долоон иргэн хуурамч архинд хордож нас барсан, 35 хүн хордлогонд оржээ. Иргэдийн аминд хүрсэн хуурамч архи манайхтай хил залгаа  Эрхүү, Улаан-Үд хавиар тархсан байна. Тиймээс үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргасан байна. Уг сэрэмжлүүлэгт шинэ жил болох гэж байгаа энэ үед иргэд ОХУ руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос Оросын алдартай виски, коньяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулжээ.


 Өнөөдрийн онцлох сэдэв


Ниргэсэн хойно нь хашгирав


"Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбум төгрөгөөр худалдан авсан Абдул Карим гэрээгээ өнөөдөр албан ёсоор цуцаллаа. Абдул Карим өнөөдөр нийслэлийн Өмчийн харилцааны газарт гэрээг цуцлах өргөдлөө өгчээ. Өргөдөлдөө  "Миний гэр бүлийн талаар нийгэмд таагүй мэдээлэл ихээр цацагдаж байна. Би сэтгэл санааны гүн дарамтад орлоо. Тиймээс эхнэр, хүүтэйгээ зөвлөлдөж байгаад татгалзах шийдвэр гаргалаа" гэх тайлбарыг хийжээ. Абдул Карим татгалзсанаар дуудлага худалдааны журмын дагуу Таван богд группын захирал Ц.Баатарсайханд хэвлэх үйлдвэрийн газрыг авах боломж бүрдэж буй юм. Гэхдээ тэрбээр татгалзвал дахин дуудлага худалдааг зарлах аж.  Тэгвэл үүнтэй зэрэгцээд "Одоо Баатарсайхан татгалзаж, хэдэн Монголчууд хор найруулаад зохиогоод хэвлэх үйлдвэрийн газар хямдхаан зарагдчих вий" гэх болгоомжлол цахим хэрэглэгчдийн дунд байна.  Таван богд группын захирал Ц.Баатарсайхан дуудлага худалдаанд  23 тэрбум 850 сая төгрөгийг санал болгосон юм.

Ингээд л  Үндсэн хуулиа өөрчилчих нь зөв үү

 УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Б.Түвдэндорж өнөөдөр мэдээлэл хийж, Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх нь зөв үү гэсэн асуултад 72.6 хувь нь зөв гэсэн бол 16.4 хувь нь буруу гэсэн.  Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөхийг ард иргэдээсээ асуух нь зөв үү гэдэг дээр 80.7 хувь нь зөв гэж хариулсан байна. Олонх болсон намын 10 гаруйхан хурлын төлөөлөгч шийддэг байсныг болиулж, иргэдийн дундаас нэр дэвшүүлж сумын нийт иргэдийн саналаар сонгодог болгож өөрчлөх эсэхийг асуусан. Үүнд 91.8 хувь нь зөв гэж хариулсан, Аймгийн засаг даргыг олонх болсон намын хурлын төлөөлөгчид шийдэх нь зөв үү гэдэг дээр мөн олонх нь дэмжсэн, ИХ-ын гишүүдийн 25 хувь нь гарын үсэг зурж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцдэг өнөөгийн тогтолцоог халж, 51 хувь болгон өөрчилж Засгийн газрын тогтвортой ажиллах нөхцөлийг хангах гэдэг дээр 71 хувь нь зөв гэж хариулсан, Засгийн газрын гишүүнийг УИХ-ын гишүүн томилж чөлөөлдөг.  УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх саналыг өргөн барьдаг өнөөгийн тогтолцоог хүчгүйдүүлж байна. Иймд Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилдог, чөлөөлдөг болгон өөрчлөх гэдэг дээр 54.6 хувь нь зөв гэж хариулсан хэмээн Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асуух санал асуулгын талаар мэдээлэл хийлээ. Гэвч тэд энэхүү асуулгаа 2000 хүний дунд явуулжээ. 3 сая иргэдийн 2000-аас санал аваад 72 хувь нь дэмжчихлээ гээд  Үндсэн хуулиа өөрчилчих нь зөв үү...

Х.Тэмүүжин Ерөнхий порукрорт энэ асуудлаар дахин гомдол гаргажээ

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Батсүх болон ЭЦГ-ын дарга асан Н.Ууганбаяр  нарт холбогдох хэргийг порукрорын байгууллагаас сэргээн шалгах үүрэг өгсөн байна. Энэ дагуу дээрх хурандаа нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчих, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулах гэмт хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Тэднийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар ажиллаж байхад гүйцэтгэх ажил явуулсан хэмээн тагнуулын байгууллага шалгаж байхад прокуророос хэргийг түтгэлзүүлээд байсан юм. Х.Тэмүүжин Ерөнхий прокурорт энэ асуудлаар дахин гомдол гаргасныг Нийслэлийн прокурорын газраас татаж хянаад, уг хэргийг нэмж шалгах шаардлагатай гэж үзсэн тул харьяаллыг АТГ-т тогтоожээ.

Өнөөдрийн мэдэгдэл


-    МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, таныг Эрүүл мэндийн сайдад Л.Жамбалжавыг нэр дэвшүүлсэн билээ. Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээж авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Тэгвэл энэ талаар Л.Жамбалжав өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр "Намайг сайд болгоод өгөөч гэж өвдөг сөхрөн гуйж Намбарын Энхбаярын хувийн эмч хийж, сайдын суудал руу дэвших хариу шагнал авсан ч юм биш" хэмээсэн байна.
-    Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр"ИЗНН-тэй нэгдэхэд буруудахгүй, нэгдэхгүй байлаа гээд алдах юмгүй" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Тэгвэл өнөөдөр ИЗНН АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэн уг мэдэгдэл хариуг өглөө.  Тус намынхан "АН-ын удирдлага улс төрийн намын биеэ даасан байдалд хууль бусаар халдсан энэхүү бүдүүлэг, эрээ цээргүй үйлдлээ таслан зогсоож, ИЗНН-ын гишүүдээс уучлал эрэхийг шаардаж байна" гэлээ.

Уншигч та эрт унтаж, эрт босч байгаарай. Учир нь хүний тархи оройноос илүү өглөө сайн ажилладаг гэдгийг судлаачид тогтоосон байдаг. Мөн маргааш Монголын хотуудын холбоо байгуулагдсан өдөр. Улсын маань өнгө төрхийг тодорхойлж буй хотуудынхаа хөгжил цэцэглэлтэд бид ч гэсэн их хувь оруулах боломжтой шүү... Таны маргаашийн ажилд амжилт хүсье